Өчигдөр Бээжингийн зуны Олимпийн 29-р их наадам өндөрлөлөө. Тус Олимпийн наадмаас Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгөн медаль авлаа.
Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр буюу 24-нд манай боксчидоос Сэрдамба, Бадар-Ууган нар маань Олимпийн аваргийн алтан медалийн төлөө тоглосон юм.
48 кг-ийн жингийн аваргийн төлөө манай Сэрдамба БНХАУ-ын Жоу Ши Минтай тоглосон бөгөөд манай тамирчин баруун мөрний гэмтлийн улмаас тоглолтын 2-р үеэс цааш тоглох боломжгүй болж Олимпийн мөнгөн медаль хүртлээ. Мөр гэмтэлгүй байсан бол хожих боломж манай Сэрдамбад байсан юм. Хятадын боксчинтой урьд нь 2007 оны Азийн аваргийн алтан медалийн төлөө тоглож хожиж байсан юм. Сэрдамбын маань энэ мөнгөн медаль цагаан алтан медаль л гэсэн үг. Гүндэгмаагийн маань мөнгөн медаль ч гэсэн цагаан алтан медаль л гэсэн үг.

Харин 54 кг-ийн жинд манай Бадар-Ууган аваргийн алтан медалийн төлөө Куба улсын боксчинтой тоглож 4 үеийн турш илт давуу тоглолт үзүүлэн 16:5 харьцаагаар ялалт байгуулж Монгол Эх Орондоо Олимпийн аваргийн алтан медалийг авчирлаа. Бадар-Ууган үнэхээр жиндээ 1 номерын боксчин гэдгээ Олимпийн дэвжээн дээр харуулж чадлаа. 



Монгол Эх орныхоо төрийн дуулалыг эгшиглүүлж, төрийнхөө далбааг Олимпийн тэнгэрт мандуулсан Түвшинбаяр, Бадар-Ууган, Гүндэгмаа, Сэрдамба нартаа баярлалаа. 2 мөнгөн медаль нь үнэхээр алттай эн тэнцэх мөнгөн медаль шүү.




















